ТАНЫ ХЭРЭГЦЭЭНД НИЙЦСЭН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ТАНД НАЙДВАРТАЙ ЗУУЧИЛЖ ӨГӨХ БОЛНО

Нийгэм

SOS:АЙРАГ СУМАНД ҮЕРИЙН ГАМШИГ НҮҮРЛЭЖЭЭ

Дорноговь аймгийн Айраг суманд өчигдөр /2018.08.12/хүчтэй аадар бороо орсны улмаас сумын төвийн айлууд усанд автсан юм.

Одоо газар дээрээ ямар байгааг Айраг сумын Засаг дарга Л.Мөнхжаргалаас тодрууллаа.


-Гамшгийн талаар тодруулах гэсэн юм. Бороо зогссон уу. Хэчнээн айл өрх үерт автав. Хүн гайгүй юу. Сургууль, цэцэрлэг усанд автсан гэсэн мэдээлэл бас байна?

-Сүүлийн 30 гаруй жилд тохиолдоогүй их үер манай суманд өчигдөр буулаа.  Өглөөний 09.40 цагийн орчимд аадар бороо орж эхлээд 10.00 цаг хүртэл үргэлжилсэн. Маш их устай бороо орсон. 30-аад минут хэртэй бороо хальт зогссон ч 10.30 цагаас дахин орж 16.00 цаг хүртэл үргэлжилсэн.

Үерт 11 айлын гэр, байшин өртөж, усанд автсан. Долоо нь гэр, дөрөв нь байшин юм.  Цэцэрлэг, эмнэлгийн хувьд гайгүй, сургуулийн дээврээс дусаал гоожсон. Хүн үер усанд өртөөгүй.

-Үерт автсан гэрүүдийн яндан л дөнгөж цухуйж байсан. Хэчнээн ам бүл орон байргүй болов. Одоо иргэд хаана байна вэ?

-11 айлын 33 ам бүл орох оронгүй болсон. Тэдний 16 нь том хүн бол 17 нь хүүхэд. Гэр, байшин доторх эд хогшлыг гаргаж аваад байна. Иргэд маань аав, ээж, ах дүүгийндээ л байна.

Аймгийн Онцгой байдлын комисс хуралдаад үерт өртсөн айл өрхөд гэр олгохоор шийдвэрлэсэн. Гэр бараа нь ирэхээр төвхнүүлнэ ээ.

-Эдгээр айлууд үер буухаар газар амьдарч байсан уу?

-Сумын төв тойромтой, ус тогтдог хонхор газар байрладаг. Өмнө нь ийм их устай бороо орж, үер бууж байгаагүй.

Сумын хувьд энэ зун ер нь гандуу байсан. Наадмын дараахан жаахан бороо орж, газрын өнгө зассан. Гэтэл өчигдөр гэнэт аадар бороо орж, их гамшиг нүүрлэлээ.

Үерийн гамшгийг арилгахаар Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Айраг сум дахь Улсын нөөцийн салбар, орон нутгийн иргэд гээд бүгд л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна.

-Танай сумын ойролцоо галт тэрэг осолдсоноос бэртэж гэмтсэн хүмүүсийг сумын эмнэлэгт хүргэсэн. Одоо танай эмнэлэг эмчлүүлж байгаа хүн байна уу?

-Осол болсон даруйд сумын хүн эмнэлэгт 11 хүнийг зөөвөрлөж авчирсан. Дараа нь гурван хүүхдийг Говьсүмбэр аймгийн эмнэлэг рүү, долоон хүнийг Сайшандын эмнэлэг рүү хүргэсэн. Нэг хүн үлдсэн нь жирэмсэн эмэгтэй юм. Бие нь тогтворжсон, сайн байгаа.  Манай аймгийн Их хэт сумын иргэн юм. 100-гаад км газарт сум нь байдаг. Бас бороо хуртай байгаа учраас эндээ хэд хоног байна.

-Төмөр замын замыг засахад танай сумаас бас дэмжлэг авч байна уу?

-Тийм ээ, сумын цэцэрлэг, сургууль, захиргааныхан гээд бүгдээрээ л ажиллаж байна. Гэр барьсан. Сэргээн засварлах ажил хийж байгаа хүмүүст хоол унд хийхээс эхлүүлээд нэлээд ажил байна.

ОХУ-аас төмөр замыг засах сэргээн босголтын галт тэрэгний цуваа урьд шөнө буюу 02.00 цагийн орчимд ирсэн. Төмөр замын зөрлөгүүдээс бас хүмүүс ирсэн ажиллаж байна. Нийтдээ 200 гаруй хүн ажиллаж байна.

Г.ХОРОЛ

Related posts
Нийгэм

Налайхын 20.9 км автозамын хучилт 40 хувьтай байна

Нийгэм

Налайхын авто замын ажил төлөвлөсөн графикийн дагуу явж байна

Нийгэм

Нийслэлд өдөртөө бага зэргийн хур тунадас орно

Нийгэм

Газрын тос боловсруулах үйлдвэрийн авто замын хучилтын ажил эхэлжээ

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.